Өглөөхөн ээжийгээ гаргаж өгөөд ирлээ. Хамтдаа нэг сар зугаалж, гэртээ хоол хийж, ярилцаж байгаад гэнэтхэн ганцаараа үлдэх их эвгүй мэдрэмж юм. Хааяа ээж рүүгээ муухай үг шидэж, намайг ойлгохгүй байна гэж уцаарлаж байсан мөч бүхэндээ дараа нь л харамсах юм даа. Ээж минь бол миний хувьд хамгийн цайлган, тэвчээртэй, хүчтэй, ухаалаг, өгөөмөр нэгэн. Бүхнээ үр хүүхдүүдэдээ зориулах тэр их сэтгэл эх хүнээс л гардаг байх даа. “Миний охин том болоод ойлгоно оо” гэж хэлсэнийг нь одоо бодоход л хоолой зангирч байна. Нээрээ л би яаж ойлгох вэ дээ, эх хүний тэр агуу сэтгэлийг. Одоо бол өөрийгөө л болгоод явахад хангалттай байхад.
Миний хэлсэн үгийг таг мартчихсан үед нь уурлалгүйгээр давтаад л хэлчих хэрэгтэй. Яах вэ дээ, хүн хөгшрөөд юм мартдаг болж байна. Намайг бага байхад яагаад гэж асуух бүрд төвөгшөөлгүй хариулдаг байсан шүү дээ. Одоо харин миний хариулах ээлж. Өдий зэрэгт минь хүргээд өөрөө өтөлж яваа ээжийгээ халамжилж, хайр талархалаа мэдрүүлэх цаг ирсэн.
Хүн хөгшрөөд ер нь хүүхэд шиг болчих юм аа, хөөрхөн. Гадаа зайрмаг зарж байсан лангуу руу хараад байхаар нь “Зайрмаг идмээр байгаа юм уу?” гэхэд “Тэгье” гээд жаахан хүүхэд эрхэлж байгаа мэт хэлж билээ.
Ээжээс өмнө нь анзаарч байгаагүй зүйлсийг анзаарлаа. Одоогийн бид нар шиг instagram дээрх өөр бусадтай харьцуулж сэтгэлээр унахгүй яг одоодоо амьдарч чаддаг юм билээ. Бас өөртэйгөө цаг өнгөрүүлээд сурчихсан. Ач нарыгаа харж баясна. Энгийн зүйслээс аз жаргалыг мэдэрнэ гэдэг энэ дээ.
Нэг сар ирээд явахдаа охиндоо их зүйлийг ойлгуулаад, яг дутагдаад байсан зүйлийг минь өгөөд явлаа. Дараа жил уулзана аа:) Хайртай шүү.
2023.08.04