Энэ номын нэр нь сонирхол татаад анх авч билээ. Миний уншсан анхны хувь хүний хөгжлийн ном. Зохиолч нь алдартай, гоц ухаантай хүн биш. Энгийн л нэгэн блоггер. Тэрээр бидэнтэй л адил алдаж, онож явсан бөгөөд амьдралын саад бэрхшээлийг эсрэгээр нь даван туулах шийдлийг энэхүү номондоо тусгасан. Асуудлууд үргэлж байдаг (байх л ёстой зүйл) , чи ганцаараа онцгой сайн эсвэл ганцаараа зовж байгаа нь биш, юунд ач холбогдол өгөхөө өөрөө сонго, битгий хичээ зэрэг бусад номнуудад дурдаад байдаггүй олон хэрэгтэй зүйлс энэ номонд бий. “Тоомжиргүй” байх гэдэг нь бүх зүйлд хайхрамжгүй хандахын нэр бус зөвхөн чухал зүйлд анхаарлаа хандуулж, амьдралыг байгаагаар нь хүлээн зөвшөөрөхийг хэлнэ.
Над шиг олон зүйлд санаа зовж, стресстэж, өөрийгөө хангалтгүй хэмээн голдог бол энэ номыг заавал уншихыг зөвлөе. Уншсаны дараа би бүгдийг байгаагаар нь хүлээн зөвшөөрч, заавал эерэг хандлагатай байх албагүйг ойлгосон. Энэ номноос ухаарч, амьдралдаа хэрэгжүүлэх зүйлс олон шүү. Ингээд номонд дурдагдсан үнэхээр үнэн, хэрэг болно гэсэн хэдэн зүйлсийг та бүхэнд сонирхуулъя.
· Та бусдаас ялгаагүй. Өөртөө сэтгэл хангалуун бус байгаа бүх зүйлтэйгээ эвлэр.
· Зөвхөн үнэн, чухал зүйлд анхаарал хандуул. Юу чухал, чухал бус гэдгийг өөрөө сонго.
· Асуудлыг шийдэхэд дахин асуудал гарч ирнэ. Асуудал хэзээ ч алга болдоггүй, харин илүү дээрддэг. Шийдэх дуртай асуудлаа олох хэрэгтэй. Асуудлаас зайлсхийх эсвэл байхгүй гэж итгэх нь өөрийн амьдралыг золгүй болгож буй хэрэг.
· Уурлаж байгаадаа уурлах, гутарч байгаадаа гутрах нь “Тамын эргэх холбоо”-нд оруулдаг. Үүнээс гарахын тулд хэрэггүй зүйлсэд ач холбогдол өгөхгүйгээр ийм л байх болно гэдгийг хүлээн зөвшөөр.
· “Эерэг зүйлс рүү тэмүүлэх нь сөрөг зүйл юм
Сөрөг зүйлсийг хүлээн зөвшөөрөх нь эерэг зүйл юм”. Сөрөг зүйлсээс зугтах нь байдлыг улам хүндрүүлнэ.
· Сайхныг хөөцөлдөх тусам сэтгэл ханамж улам багасна (Эсрэг хууль). Амьдрал амар, асуудал багатай болох тусам илүү дээр байх ёстой мэт санана.
· “Шаналал, гарз хохирол нь зайлшгүй зүйлс. Бид үүнийг эсэргүүцэх гэж оролдохоо болих хэрэгтэй.”
· Амьдралын энгийн зүйлсэд талархаж, энгийн байдлаа хүлээн зөвшөөрснөөр өөрийгөө хөгжүүлэх ёстой гэсэн стресс, санаа зоволт алга болно. Жижиг зүйлсээс илүү их аз жаргалыг мэдэрнэ.
· Үйл явцыг бус үр дүнг нь хүсвэл мөрөөдөлдөө хүрч чадахгүй. (Гадаадад сурахыг хүсч байгаа ч өөрөө хичээж, хөдөлмөрлөх үйл явцад нь дургүй байгаа бол мөрөөдөлдөө хүрч чадахгүй гэсэн үг шүү)
Баяр баясал нь авирахдаа байдаг юм.
· Бид үргэлж төгс төгөлдөрт ойртож байдаг, гэхдээ хэзээ ч хүрэхгүй.
· Буруу байж, алдаа гаргах нь цааш өсөх боломжийг ологодог.
· “Үгүй” гэж хэл.
· Эцэст нь бүгд үхнэ. Өөрийн мөнх бус байдлын талаар бодож эхэлснээр зүйлс илүү амар санагдах болно.
Энэ хүртэл уншсанд баярлалаа, Nana :)