Сэтгэл гэдэг махан биеэс ч чухал, эмзэг эд. Сэтгэл өвдвөл бие өвдөнө. Бие өвдөхөөр тэрэндээ санаа зовоод сэтгэлийн эрүүл мэнд нь бүр дордоно. “Би ямар арчаагүй юм бэ? Хэнд ч хэрэггүй амьтан” гэх бодлууд толгойд эргэлдэж, өөрийгөө үзэн ядна. Дотны хүмүүстээ муухай хандаж, юм л бол уурлана. Энэ үед гэр бүл, найз нөхөд нь ойлгож, анхаарал халамж тавихгүй бол асуудал бүр л дордоно.
Энэ он гарснаас хойш сэтгэлийн эрүүл мэнд минь муудсаар л байлаа. Шалихгүй жижиг зүйлд уурлаж, уурлаж байгаадаа бүр уур хүрдэг байсан. Яагаад, яг юунаас болоод яачаад байгаагаа мэдэхгүй, өөрийгөө ч ойлгохгүй байлаа. Иймэрхүү байдалд орсон үед өөрийгөө томоор харж чаддаггүй юм шиг. “Үүнээс болоод л би ингээд байгаа юм байна, ингэчихвэл зүгээр болчихно” гэсэн зүйл байхгүй. Тийм ч хурдан хурдан зүгээр болчихдог эд биш юм.
Сэтгэл санааны байдал бүх зүйлд нөлөөлдөг. Үс уналт ихсэхээс эхлээд сайн унтаж чадахаа болив. Унтаж байхдаа ч их зүүдлээд хангалттай амарч чаддаггүй байлаө. Бас л нэг тамын эргэх холбоо юм даа. Сэтгэлийн эрүүл мэнд муудвал өвдөж, муухай шинж тэмдгүүд гарч ирнэ. Үүндээ бүр их уурлаж сэтгэлийн эрүүл мэнд нь улам л муудна.
Сэтгэлээ сэргээж, өөртөө итгэлтэй байх арга бол selfcare гэдгийг хүн бүр мэднэ дээ. Би өөртөө анхаарал тавьж, дуртай зүйлээ хийхийг хичээдэг байсан. Ном уншиж, кино үзэж, дасгал хийх нь үнэхээр тус болдог юм байна лээ. Үргэлж “Бүх зүйл сайхан болно доо” гэж бодож, жижиг зүйлсээс аз жаргалыг мэдрэхийг хичээдэг болсон. Дотны хүмүүс минь намайг ойлгож, дэмжих нь надад хамгийн их тус болсон. Бага багаар гайгүй болсоор хэдэн сарын дараа л нэг хүн шиг болсон доо. Цаг хугацаа л хамгийн сайн эмч.
Хүний амьдралд ийм хэцүү үеүд мэдээж тохиолдоно. “Асуудал, сөрөг зүйлсийг хүлээн зөвшөөрөөд чухал зүйлдээ л анхаарал хандуулах” нь номон дээр гардаг шиг амархан зүйл биш юм байна. Би бодсон шигээ хүчтэй, сэтгэлийн хаттай хүн биш юм байна. Хэнтэй ч өөрийгөө харьцуулалгүй байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байх нь хамгийн чухал гэдгийг сайн мэдэрлээ, баярлалаа.