Битлз хамтлагийн тухай

Nanachka
4 min readJul 7, 2020

--

Битлз бол амьдралын минь салшгүй нэг хэсэг билээ. Битлз хамтлагийн тухай залуу хүмүүс сайн мэддэггүй. Дээр үеийн хамтлаг, хөгшин хүмүүс л сонсдог, гишүүд нь бүгд нас барсан гэж боддог байх. Гэхдээ үгүй шүү. Миний хувьд Битлз бол хөгжимийн урлагийг том шатаар ахиулж чадсан домогт хамтлаг. Энгийн нэгэн хотод хүсэл мөрөөдөлдөө автсан дөрвөн залуу нийлж, унталганыхаа өрөөнд дуугаа бичиж, өөртөө гитар тоглохыг зааж, шаргуу хөдөлмөрийнхөө үр дүнд дэлхийн хамгийн алдартай хамтлаг болж чадсан гэхээр гайхалтай биш гэж үү?

The Beatles нь 1960 – 1970 онд уран бүтээл туурвиж байсан бөгөөд дэлхийг байлдан дагуулж байсан бүх цаг үеийн хамгийн их нөлөөлөл бүхий хамтлаг юм. Одоо ч Битлзын дуунууд бидний сэтгэл зүрхэнд хүлээстэй байдаг билээ. Тэдний түүх нь сонирхолтой бас харамсалтай. Ингээд Битлз хамтлагийн түүхийг чадахаараа товчлон хүргэе.

Анх санаачлан байгуулсан хүн бол John Lennon. Түүний эцэг эх нь салсан бөгөөд нагац эгч дээрээ өссөн. Ленноны ээж нь хүүгээ хөгжим тоглож, дуу зохиохыг нь дэмждэг байсан ч харамсалтайгаар машинд дайруулж нас барсан.

Paul McCartney нь гитар тоглохдоо гаргууд бөгөөд дуу зохиохдоо ч сайн. Бас хамгийн царайлаг нь. Леннон, Маккартни 2 бол хамгийн шилдэг хамтрагчид. Тэд Битлзын ихэнх дууг зохиосон.

George Harrison бол гитарчин, Ringo Starr бол бөмбөрчин. Ингээд 1960 онд Английн Ливерпүүл хотноо хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдсөн энгийн 4 залуу нэгдсэн юм. Тэдний хэнийх нь ч гэр бүл баян эсвэл гоц авъяастай биш. Тэд ажлаа хийхдээ хамгийн жаргалтай байдаг бөгөөд энэ л тэднийг төсөөлөөгүй амжилтад хүргэсэн биз ээ.

Мэдээж бүх зүйл ногоон гэрлээр яваагүй. Олон бэрхшээлүүдийг хамтдаа давж, менежер Brian Epstein-тэй учирч, Продюсертай болсон. Тэд дэлхий даяар аялан тоглолт хийж сая сая шүтэн бишрэгчидтэй болсон. Нийт 13 альбом гаргасан бөгөөд түүхэн дэх хамгийн их борлуулалттай хамтлаг юм.

Битлзын дуунууд “бүх зүйлс сайхан болно” гэсэн мэдрэмжийг өгдөг. Намайг гунигласан үед тэдний дуунууд аргаддаг, баяртай үед минь тэдний дуу илүү баяр нэмдэг. Бүх дуунуудынх нь утга, зохиосон түүх нь үнэхээр сонирхолтой.

Тэдний хамгийн алдартай сингл бол “Hey Jude”.Ленноны хүү Жулианд эцэг эхийнх нь салалт хүндээр туссан тул Маккартни түүнд зориулж энэ дууг бичсэн түүхтэй.

“Hey Jude, don’t make it bad

Take a sad song and make it better”

Пол Маккартниг 14 настай байхад ээж нь өөд болсон бөгөөд нэгэн өдөр зүүдэнд нь “everything will be fine, just let it be” гэж хэлсэн.“Let it be” хэмээх дууг Маккартни ээждээ зориулж 1969 онд бичжээ.

1970 онд Битлз сая сая фэнүүддээ тарахаар болсон гэдэг харамсалт мэдээг зарлажээ.Олон шалтгаануудаас болж эцэст нь тэд өөрсдийн замаа хөөхөөр болсон юм.

Яагаад домогт хамтлаг тарсан бэ?

1967 оноос л тэдний тусдаа болох эхлэл нь тавигдсан билээ. Леннон Оно гэх Япон бүсгүйтэй их цагийг өнгрүүлнэ, харин Маккартни Линдатай хамт байдаг болсон.

Битлз хоорондоо олон зүйлс дээр маргалдаж байлаа. Тэдний менежер Брайн өөд болсны дараа Маккартни эхнэрийнхээ аавыг менежер болгох санал тавихад бусад нь эсэргүүцэж Аллен Клейг менежер болгоход Маккартни их уурласан. Клей, Маккартни хоёрын харилцааны байдал Битлзыг салахад их нөлөөлсөн.

Хүмүүс Ёоко Оно(Ленноны эхнэр)-г Битлзыг салгасан гэж буруутгадаг. Гэвч энд Оногийн буруу огт байхгүй. Битлз угаасаа л тарж байсан юм. Ленноны харцаар бол “нэг л биш байсан” юм шиг. Тухайн үеийн нийгмийн оршин буй ухагдахуун нь зөрчилтэй байсан гэдгийг олон дуугаараа илэрхийлсэн байдаг.

Ингээд харамсалтайгаар манай дөрвөл хувийн карьераа хөөж эхэлсэн билээ.

1975 онд Жон Леннон бяцхан хүүтэй болж, 1980 онд Онотой хамтран “Double Fantasy” гэх альбомоо гаргаснаас 3 долоо хоногийн дараа. Manhattan дахь гэрийнхээ гадаа буудуулж нас барсан. Дөчхөн настай энхтайвныг уриалагч, гайхалтай авъяаст од Жон Ленноны үхэл дэлхийг гүн эмгэнэлт автуулсан билээ.

Пол Маккартни одоо 78 настай. Битлз тарсаны дараа эхнэр Линда болон Denny Laine-тэй хамтран Wings хамтлагийг байгуулж их амжилт гаргасан. Харамсалтай нь түүний эхнэр Линда 56 насандаа хөхний хорт хавдраар нас барсан. Маккартни нь дэлхийн хамгийн баян хөгжимчдийн нэг юм.

Жорж Харрисон 2001 онд 58 настайдаа уушгины хорт хавдраар нас барсан. Тэр 12 соло альбом гаргасан байдаг.

Ринго Старр одоо 80 настай бөгөөд 7 сарын 7нд өөрийн төрсөн өдрийн тоглолтыг хийнэ. (Маккартни болон бусад нэр бүхий хүмүүс оролцоно. Онлайнаар үзэж болно.)

Битлз үүрд байгаагүй ч Битлзын дуунууд мөнхөд орших болно. Тэдний түүх бидэнд сургамж өгч, дуунууд нь тайтгаруулж, үргэлж хамт байх болно. Бусад хүмүүс ч бас Битлзыг над шиг хайрлаасай гэж хүсэж байна.

The Beatles once and forever

Өөрийн дуртай зарим дуунуудаас дурдвал:

  • Here comes the sun
  • Black bird
  • While my guitar gently weeps
  • Yesterday
  • Obladi Oblada
  • Come together
  • Something
  • Golden Slumbers
  • All you need is love
  • Till there was you
  • Don’t let me down

--

--

Nanachka
Nanachka

Written by Nanachka

Book reviews and journals. Jai guru deva, om. Nothing's gonna change my world 🌝🌚

No responses yet