Номын хуудсаа эргүүлэх бүрт ховдсон татаж, дуусгахаас ч айж, төгсгөлийг нь уншихаас хайран санагдах. Ном уншаад хэзээ ч ийм гайхалтай мэдрэмжийг авч үзээгүй.
Бидний харж чадахгүй гэрэл гэгээ. Нэрнээсээ ч олон зүйлийг илэрхийлнэ.
Ер нь хүн амьдралынхаа туршид цор ганц хүнийг л хайж, дотоод сэтгэлээрээ холбогдож байдаг мэт. Эцэст нь нэг уулзаад удалгүй алга болчихдог. Тэр уулзсан багахан мөч бүхэл амьдралынх нь гэрэл гэгээ, утга учир, зорилго нь байсан байх. “Арьсан хүрэмтэй Мадонна” номон дээр хайртай бүсгүйтэйгээ өнгөрүүлсэн хэдхэн сард л тэрээр “амьдарч” байсан. Арван жилийн турш зөвхөн тэр эмэгтэйг, түүнтэй өнгөрүүлсэн мөч бүрийг бодож, шаналаж өнгрөөсөн. Харин энэ номонд охин, хүү хоёр гайхалтайгаар холбогдсоор бие биенийхээ амийг аварч, хэдхэн цаг хамт байгаад салахаас өөр аргагүйд хүрсэн. Миний төсөөлж байсан “амар сайхандаа жаргадаг” төгсгөл хэзээ ч болохгүй юм даа.
Үхэхээсээ өмнө амьд гэдгээ мэдрэх хэрэгтэй.
Уг номонд 2-р дайны үеэр амьдарч буй хараагүй Франц охин болон өнчин Герман хүүгийн тухай өгүүлнэ. Зохиолын төгсгөл хүртэл хоёул өөрсдийн замаар амьдарч, өсөн торниж, зовж шаналж байсан бөгөөд бие биенээ байдаг эсэхийг ч мэддэггүй байлаа. Гэхдээ цаанаа л мэдэрч, холбогдож байсан. Тэд анхны бөгөөд ганц удаа уулзахад бие биенээ мэддэг юм шиг, сэтгэлдээ үргэлж хамт байсан юм шиг гайхалтай мэдрэмжийг авсан.
Мари Лора бол байгаа бүхэндээ сэтгэл хангалуун байдаг, юу ч голдоггүй, маш ухаалаг охин. Юу ч харж чадахгүй байгаадаа, аав ээжгүй ганцаардаж байгаадаа, дайны үеэр их зовж байгаадаа гомдоллож байгаагүй. Өөрт нь тохиолдож байгаа бүх золгүй зүйлсийг хүлээн зөвшөөрч, амьдралын сайхныг харахыг хичээж, бүхнийг давж туулах л ёстой гэж өөрийгөө хүчилсээр ирсэн. Хараагүй хүмүүс юу ч хардаггүй болохоор хав хар ертөнцөд амьдардаг гэж үү. Үнэндээ тэд илүү олон өнгийг хардаг, мэдэрдэг. Мари охины ертөнц хараатай миний ертөнцөөс ч гэгээлэг.
Вернер хүү бол үнэхээр ухаантай бөгөөд амбицтай. Асрамжийн газарт байхдаа анх радио дамжуулагч олсоноор түүний амьдрал утга учиртай болсон. Радиогоор нэгэн нэвтрүүлэг сонссоор инженер болохыг хүсч, сониуч зан нь түүнийг боломжгүй мэт мөрөөдөлд нь хүргэсэн. Хожим радио дамжуулагчаар л Мари охинтой холбогдож, амьдралын сайхныг хэсэгхэн хугацаанд ч болов мэдэрсэн билээ.
Энэ зохиолын бичигдсэн хэлбэр нь маш сонирхолтой. Эхлээд 1944 онд дайны үеэр эхэлнэ. Тэгээд 1934 он. Францад Мари охин аавтайгаа амьдарч буйгаар эхлээд Вернер Германд асрамжийн газар байгааг харуулна. Мари болон Вернерийн үйл явдал ээлжилж, цаг хугацаа бас ээлжилдэг. Яг л кино үзэж байгаа мэт. (Netflix уг зохиолоос сэдэвлэсэн олон ангит кино хийх гэж байгаа юм билээ.) Эцэст нь Мари, Вернер хоёр уулзах үед үйл явдал, цаг хугацаа нийлдэг.
Гэтэл төгсгөл. Миний зүрхийг зүсээд авах шиг л болсон доо. Өөртөө ч итгэхгүй хэд дахин буцааж уншив. Номоо дуусгаад “Юу болчихов оо? Яагаад?” гэж хэсэг бодож суулаа. Амьдрал үнэхээр хатуу бас таамаглашгүй юм даа. Дайн гэдэг ямар аймшигтай эд вэ? Би одоо ямар сайхан нийгэмд оршиж байгаа юм бэ?
Юу ч тохиолдсон хувь тавилантайгаа эвлэрээд, зүгээр л илүү дээр болгохыг хичээ. Сайн сайхан бүхнийг хийхийг хичээ. Амьдрал сайхан.
Нүдээ нээгээд, үүрд нүд анихаасаа өмнө гайхамшигаар дүүрэн хорвоо ертөнцөөс олж харж болох бүгдийг хараарай.
2020.12.28 2:22am, Нана <3